Монгол иргэд Мальдив улс руу 30 хоног визгүй зорчдог болж байна

Монгол иргэд Мальдив улс руу 30 хоног визгүй зорчдог болж байна

Aug.21.2023

Монгол, Мальдив хоёр улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор болсон байна.

ГХЯ-наас мэдээлснээр 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр Дели хотноо “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ.

Хэлэлцээрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бүгд Найрамдах Мальдив Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибрахим Шахийб нар гарын үсэг зурсан байна.

Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтойг онцолжээ.

Хоёр улсын иргэд визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгох шийдвэр энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас гарч гарч байв.

 

Эх Сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам