Токиогийн тэнгэрт сүндэрлэх “Тэнгэрийн мод” - Skytree нь дэлхийд хамгийн өндөр телевизийн цамхаг юм. Энэхүү байгууламж өндрөөрөө Бурж Халифагийн (829.8 метр) дараа дэлхийд хоёрдугаарт ордог. Японы нийслэлийн шинэ бэлгэ тэмдэг, 634 метр өндөртэй неофутурист цамхагийг 2012 онд дуусгаж ашиглалтад оруулжээ.
Барилгын хийцэд ашигласан доргилт шингээх нэн шинэ технологийн ачаар газар хөдлөлтийн доргилтын хүч 50 хувь буурдаг байна. Японы нийслэл нь газар хөдлөлтийн нэн идэвхтэй бүсэд оршдог.
Уг цамхагт Японы радио, телевизийн дижитал өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцууд байрладаг. Цамхгийн 350 болон 450 метрийн өндөрт алсыг харах тусгай тавцан байгуулжээ.
Тэнгэрийн цамхагийн өндрийг метрээр илэрхийлсэн 634 гэсэн тоог японоор “Мусаши” гэж уншиж болдог нь Токио хот оршдог бүс нутгийн эртний нэрийг бэлгэдсэн хэрэг юм.
Япон улс 2011 он долдугаар сард орон даяар телевизийн дижитал өргөн нэвтрүүлэгт шилжихээр төлөвлөж байжээ. Гэвч Tokyo Tower хэмээх хуучин цамхгаас цацах дохио ойр орчмын тэнгэр баганадсан өндөр барилгад саатаж байсан тул шинэ цамхаг барих шаардлага үүссэн байна.
——
Таны Аяллын зөвлөх
Аэрмаркет