ЖЭЖҮ-Д ЗААВАЛ ИДЭХ 12 ХООЛ
ЖЭЖҮ-Д ЗААВАЛ ИДЭХ 12 ХООЛ
Нэг: Хар гахайн мах
Хар гахай бол Жэжү арлын унаган гахай юм. Арлын уур амьсгал, байгаль нь гахайн махны амтыг өөр бусад газрынхтай харьцуулшгүй сайхан амттай болгодог гэж нутгийнхан ярьдаг. Гахайн махны өнгө нь маш улаан, амт нь хачин зөөлөн, үл ялиг чихэрлэг бөгөөд аманд ороод бутрах мэт болдог өвөрмөц онцлогтой.
Хоёр: Амтат жүрж
Мандарин бол Жэжү арлын нэрийн хуудас. Жэжүд очсоны баталгаа. Арлаар аялаж явахад боловсорсон амтат жүрж хаа сайгүй, бараг айл бүрийн хашаанд, гудамж талбайд тааралдана. Жэжүгийн жүрж нь дээд зэргийн амт чанартайгаараа онцлог бөгөөд тэр дундаа Чонхехян, Халлабун зэрэг тусгай сортын мандаринууд бүр ч алдартай.
Түүнчлэн амтат жүржээр амт нэмж, баяжуулсан шоколад, жимсний шүүс, мөхөөлдөс гэх мэт олон төрлийн амттанг хайрттайгаа идэх боломжтой. Тэр бүү хэл хамтдаа мандарины талбайгаар зочлон ургац хураах боломжтой.
Гурав: Адууны мах
Нутгийн ард түмэн эртнээс адууны махыг түүхийгээр нь болон жигнэсэн хавирга, ясны шөл, шарсан мах, будаа зэрэг төрөл бүрээр боловсруулан хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй. Тиймээс, уламжлалт хоолыг нь амсалгүй буцах юм бол ёстой алдас болно.
Дөрөв: Шумбагч эмэгтэйчүүдийн барьсан далайн бүтээгдэхүүн
Жэжү арал нь Хэнё буюу далайн шумбагч эмэгтэйчүүдээрээ алдартай. Тэд далай доогуур 20-30 метрийн гүнд шумбаж, дунджаар 2 минутын турш амьсгал авахгүйгээр сэлж чаддаг. Тэдний далайн гүнээс түүсэн хясаа, дун зэрэг шинэхэн далайн бүтээгдэхүүнийг газар дээр нь янзлан түүхийгээр идэх нь Жэжүг зорин ирсэн аялагчдын заавал хийх ёстой зүйлсийн нэг.
Тав: Махтай, гурилтай шөл
Гахайн ясыг сайтар чанаж гаргасан ясны тунгалаг шөлөндөө чанаж болгосон хэрчсэн гурил хийж, дээр нь мах нэмэх энгийн орц нь бусад нутгийн гурилтай шөлнөөс өөр, өвөрмөц амттай байдаг нь арга, технологидоо байдаг гэнэ билээ. Тиймээс, Монгол хүн та Жэжүд энэ хоолыг нь идэж, Монгол гурилтай шөлтэйгээ нэг харьцуулаарай.
Зургаа: Galchi jorim шарсан жигнэмэг
Зөөлөн махтай загасыг удаанаар буцалган чанаж халуун ногоотой хольсон амтлаг хоол. Жэжү аралд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогоор Галчи жоримыг хийдэг олон төрлийн ресторанууд бий.
Долоо: Momguk нутгийн хоол
Энэ хоолыг өмнө нь дурьдсан усан дор удаан хугацаагаар шумбадаг эмэгтэйчүүд даарсан биеэ дулаацуулж, илчлэг нэмэхийн тулд уснаас гарч ирснийхээ дараа иддэг байсан түүхтэй аж. Солонгост гахайн махыг айл өрх бүр тэмдэглэлт өдрөөр л хэрэглэдэг уламжлалтай тул момгук аяндаа хүлээн авалтын хоол болсон байна.
Найм: Abalone
Абалон нь эртнээс далайн ховор бүтээгдэхүүн байсан тул далайн эзэн хаан гэгддэг.
Эх газрын хүмүүс ихэвчлэн будаатай хольж, шарж иддэг бол Жэжү арлынхан уураар жигнэж, шарж, хүйтэн, түүхийгээр болон будаа, гимбаптай хольж иддэг.
Ес: Далайн бүтээгдэхүүнтэй Раамен
Жэжү арлын далайн бүтээгдэхүүнтэй рааменд зохиогчийн эрх үйлчилдэггүй. Учир нь хоолны газар бүр өөрсдийн өвөрмөц аргаар рааменыг хийдэг.
Бүтэн дун, хавч, сам хорхой, наймаалж, шумбагч эмэгтэйчүүдийн шинэхэн барьсан далайн хоолоор хийсэн гээд л зөвхөн Жэжүгийн гэх онцлогтой олон төрлийн рааменыг зөвхөн Жэжүд л амтлах боломжтой.
Арав: Omegi tteok
Omegi tteok бол Жэжүгийн тусгай амттан. Уламжлалт цагаан будааны бялууг шар будаагаар хийх ба цавуулаг чанартай боловч амт нь маш чихэрлэг. Жэжү аралд шар будаанаас бусад үр тариа тэр бүр сайн ургадаггүй. Тиймээс, хамгийн элбэг будаагаараа будааны бялуу хийж иржээ.
Арван нэг: Samgyetang
Хүн орхоодойн тахианы шөл нь олон төрлийн тусгай орцтой тул бие тэнхрүүлэх үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Нутгийнхны дунд аргын тооллын 6-р сарын 20-нд тахианы махаар хоол хийж идвэл биеийг тордож, бүх төрлийн өвчнийг анагаана гэсэн ам дамжсан домог байдаг. Түүнтэй холбоотойгоор Жэжү аралд амтат самгьетангаар үйлчилдэг олон ресторан байдаг.
Арван хоёр: Kkwong memil kalguksu
Жэжү арал нь будаа тариалах уур амьсгал, нөхцөлгүй тул нутгийн иргэд хуурай газрын тариалан эрхэлдэг байсан нь Сүжэби буюу гараар зуурсан гурилтай хоолны соёлыг хөгжихөд хүргэсэн байна. Сагаган гурилыг нарийхан хэрчин, шөлөнд нэмдэг Чэжүгийн нутгийн хоол бол тэрхүү соёлын нэг бүтээгдэхүүн юм.
Арван гурав: Хар үхрийн түүхий мах 흑우 육회
Жэжүгийн уугуул иргэд хар үхрийг гаршуулан тэжээж эхэлсэн эртний уламжлалтай. Бусад үүлдрийн үхэртэй харьцуулахад хар үхэр ханаагүй тосны агууламж өндөр тул мах нь шүүслэг бас амттай. Ялангуяа хар үхрийн махны өвөрмөц амтыг бүрдүүлдэг функциональ бодис гэгддэг олейны хүчлийн агууламж Жэжүгийн хар үхэрт бусад үүлдрээс илүү их байдаг нь энэ махыг чамин зоог болгодог. Хар үхрийн махыг булгоги, стейк хийхэд болон түүхийгээр нь зэрэг олон янзаар хэрэглэдэг.
Арван дөрөв: Адууны түүхий махан сүши 말고기 육회초밥
Жэжү арлын адууны мах нь эрт дээр үеэс үнэтэй, нандин хүнс байсаар ирсэн байдаг. Энэхүү адууны махны ресторан нь адууны махаар сүши, зайдас зэрэг шинэлэг меню бэлтгэж үйлчлүүлэгчиддээ санал болгодгоороо онцлог бөгөөд Жэжү нисэх онгоцны буудлын ойролцоох шилдэг ресторануудын нэгээр тодорсон байдаг.
Арван тав: Түүхий, амьд наймаалж 산낙지
Наймаалжийг далайн түрлэгийн үеэр шавраас гаргаж авдаг ба шинэхэн наймалжийг цэвэрлэж бэлдэн, идэх хэмжээндээ тааруулж жижиглэн хэрчиж, гүнжидийн үр ба тос, өргөст хэмхтэй хольж идэх нь түгээмэл. Тасарсан наймалжны хэсгүүд тавган дээр эргэлдэж, зажилах үед хэлэнд наалдаж, зажлууртай болгодог нь энэ хоолыг содон, өвөрмөц болгодог.
Арван зургаа: LoveLand бэлэг эрхтний дүрст амттангууд
Жэжүд LoveLand нэртэй парк бий. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн цахим хуудсанд бичсэнээр “хайраас сэдэвлэсэн урлаг эротикизмтэй учирдаг” газар бол LoveLand. Сексийн сэдэвтэй энэ паркт сексийн боловсрол олгох кино үзэхийн зэрэгцээ секс хийх төрөл бүрийн байрлалуудыг харуулсан 140 орчим баримал, ханын үзэсгэлэнтэй зураг, урлагийн бүтээлүүдийг үзэх боломжтой. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлэг эрхтний хэлбэртэй талх амтархан идэхээ бүү мартаарай.