Нярай хүүхэдтэй гадагшаа хэрхэн аялах вэ?
Нярай хүүхэдтэй гадагшаа хэрхэн аялах вэ?
Сурагчдын амралт эхэлж, утаа, хүйтнээс зугтааж, хүүхдүүдээ тааваар нь цөөхөн ч гэсэн хоног далайн эрэг усан паркт тоглуулахыг хэн хүнгүй л хүсэж байгаа. Дээр нь аяллын үеэр гэр бүлийн хамгийн сайхан дурсамжууд бий болдог. Эйр Маркет Холидэй компани, нярай болон бага насны хүүхдүүдээ аваад 5-аас 45 хүртэлх хоногоор дулаан орныг зорих гэж байгаа эцэг, эх, эмээ өвөө нарт зориулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
НЭГ: ЦАГ БА ЦАГ АГААРЫН ЗӨРҮҮ, НОЙР
Аль улс руу зорчих гэж байгаагаас шалтгаалан цагийн болон цаг агаарын зөрөөнд хурдан зохицохоор бэлтгэлээ хийгээрэй. Хүүхдийнхээ унтах цагийг бага багаар хойш татах гэх мэтээр цагийн зөрөөнд аль болох бага өртөх, хамгийн чухал нь нислэгийн үеэр хүүхдээ унтуулж явахаар бэлтгэлээ хангах чухал.
ХОЁР: КОНДИШНЫ ХАНИАД
Халуун, бүгчим уур амьсгалтай улсад очиход гадаах халуунаас илүү дотор кондишны ханиад хүргэчихгүй байхаар хүүхдийнхээ хувцсыг тохируулаарай. Гаднаас байшин дотор орохоор өмсгөх цамц заавал авч яваарай. Бороо эсвэл уснаас гарсны дараа, мөхөөлдөс идэж байхдаа, идсэний дараа хүйтнээр үлээх кондишны доор зогсохоос зайлсхийх нь зүйтэй. Монгол ээжүүд хүүхдээ хэт бэгнэдэг гэмтэй.
ГУРАВ: АЧААГАА БЭЛДЭХ
Хэдэн цаг нисэхээс хамаарч, ачаагаа 2-3 цүнхэнд ангилж бэлдэнэ. Эхлээд тээшинд өгөх том оврын ачаануудаа бэлдээрэй. Гарт ойр байлгах зүйлсээ ачаанд өгчихгүйн тулд сайтар нягталж, шалгаарай.
Юуны өмнө, аялагчдад хүүхдийнхээ хоолыг мөн ойр ойрхон хэрэг болох гадаад паспорт, карт, бэлэн мөнгөө хийх биеэсээ аль болох салгахгүй үүрээд явж байх цүнх хэрэгтэй. Бас хүүхдийнхээ угж, живх, хуурай болон нойтон сальфетка, өвчин намдаах лаа, халуун буулгадаг наалт, гэдэсний нүүрсэн эм, Япон хоросол, халууны шил, хамар цэвэрлэх хөвөн гэх мэтийг хийх олон тасалгаатай цүнх хэрэгтэй. Энэ 2 цүнх нэг байж болох ч чухал баримт бичгээ хүүхдийнхээ сүү, устай хольж, норгочихгүй байхад анхаарах хэрэгтэй. Эсвэл баримт бичгүүдээ, цахилгаантай гялгар уутанд хийгээд авч явж болно.
Дараагийн цүнхэнд, нислэгийн цагаас хамаарч соск, хамрын цацлага, 2 ээлжийн боди-цамц, өмд, хүүхдийн жижиг дэр, хөнжил эсвэл нөмөргөх даавуу, бор хоолонд орсон бол өөрийнх нь аяга халбага, насанд нь таарсан шинэ, овор багатай тоглоом, зурах будах унших ном, харандаа зэргийг хийгээрэй.
Гурав дах цүнхэнд холын зайд нисэхэд мөн онгоцны буудал дээр саатах, ачаа тээш хоцрох гэх мэт эрсдэлүүдэд зориулж хэрэгтэй зүйлсээ нөөцлөн бэлдээрэй. Энэ ачаагаа онгоцонд авч орж болдог гар тээшинд хийвэл тохиромжтой.
Гар тээшинд тус бүртээ 100мл-аас доош савлагаатай нийт 1 литрээс хэтрэхгүй шингэн авч орохыг зөвшөөрдөг. Гэхдээ, хүүхдийн хэрэгцээний шингэн зүйл, хоолонд энэ хэмжээ хамаарахгүй. Та хүссэнээрээ авч орж болно.
ДӨРӨВ: ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ
Аав нь явахгүй маамуугийн төрсний гэрчилгээг заавал авч явах шаардлагатай байдаг. Төрсний гэрчилгээг Монголын хилийн ажилтанд үзүүлсний дараа дахиж хэрэг болохгүй тул сайтар далд хийгээрэй. Шингэн зүйлтэй цүнхэнд хийхгүй гэдгээ битгий мартаарай.
ТАВ: ХҮҮХДИЙН ХООЛ
Сүү уудаг бол аяны савлагаатай сүүнүүд, жижиг савтай цэвэр ус, халуунаа барьдаг жижиг савтай халуун ус, нэмэлт сүү, бор хоолонд орсон бол хүнсний ногооны хатаасан болон хүүхдийн хоолнууд гэх мэт хүүхдийнхээ иддэг хоолнуудын аяллын зориулалттай савлагаатайг нь базаагаарай.
ЗУРГАА: ХҮҮХДИЙН ТЭРЭГ
Онгоцонд 1 нярайд 1 машины суудал, 1 хүүхдийн тэргийг үнэгүй тээвэрлэдэг тул онгоц руу орохоос өмнө онгоц руу орох хоолойд онгоцны үйлчлэгчид өгөөрэй. Дараа нь авахад асуудал үүсгэхгүйн тулд аль болох бүртгэл хийлгэж байгаарай.
Хүүхдийн тэрэг хүүхэд нярай ба 1-ээс дээш настай байхаас хамаараад овор хэмжээний хувьд ялгаатай байдаг. Гэхдээ аялалд зориулж, онгоцны дээд ачааны тавиурт багтдаг, цүнх шиг дөрвөлжилж, шүхэр шиг эвхэгддэг тэрэг хамгийн тохиромжтой байдаг.
Дамжин нислэгт онгоцноос онгоц болон хоолой хооронд бага насны хүүхэдтэйгээ явахад хол алхах, хүүхэд ядраад унтах, хүүхдийн цүнхийг тохох зэргээс авхуулаад тэрэг маш их дэмтэй байдаг. Тиймээс тэрэгтэй явахыг зөвлөж байна.
ДОЛОО: ОНГОЦНЫ СУУДАЛ
Нярай нь 10 кг-аас доош жинтэй бол хамгийн урд эгнээнд нярайн сагстай суудал авах нь чухал. Сагсанд хүүхдээ унтуулснаар ээж, аавууд гараа бас өөрийгөө амраах боломжтой. Нярай нь 10 кг-аас дээш жинтэй байсан ч сагстай хэсэг бусад суудлаас зайтай байдаг тул тэнд суудал авах нь чухал. 10кг-аас илүү жинтэй гээд хэлчихвэл сагс өгөхгүй байх магадлалтайг сануулахад илүүдэхгүй байх.
Онгоц ийм сагсгүй эсвэл сагстай суудал олдохгүй тохиолдолд аваарын гарцнаас өөр хамгийн өргөн зайтай хэсэгт суудал сонгоорой. Олон цагийн нислэгт сагсгүй суудалд сууж таарвал эсвэл нярай нь 10 кг-аас илүү жинтэй бол хүүхдийн ор болдог цүнхтэй яваарай.
Мөн онгоцны үйлчлэгчээс гуйж байгаад хоосон суудалд шилжүүлж өгөхийг хүсээрэй.
Сагстай суудал эсвэл хамгийн тохиромжтой суудалд суухын тулд тийз авахдаа захиалах хэрэгтэй. Зарим авиакомпани сагстай суудлаа төлбөр авч баталгаажуулснаар эрт захиалах боломж олгодог бол зарим нь онгоцонд суух бүртгэл эхлэхэд хамгийн эхэнд очсоноор захиалах боломжтой байдаг.
НАЙМ: НЯРАЙН ЧИХ
Нярай хүүхэдтэй онгоцоор нисэхэд чих нь өвдөхөөс ээжүүд их айдаг. Чихийг бөглөх нь зөв арга биш. Нислэг эхлэхээс өмнө хамар битүү бол цацлага хэрэглэж онгойлгох, хамрыг цэвэрлэх зэргээр хамраар нь амьсгалах боломжийг бүрдүүлээрэй.
ЕС: НЯРАЙГ УНТУУЛАХ
Хөхүүл нярайг хооллохдоо онгоц хөөрөх үетэй тааруулах нь үр дүнтэй. Ингэхийн тулд өмнө нь хооллосон байх хэрэгтэй. Ер нь нярайгаа онгоц явгалах, хөөрөх үед нь хөхүүлбэл, угждаг хүүхдийнхээ угж, сүүг нь бэлдчихсэн байж байгаад онгоц хөөрөхийн өмнө угжингаа унтуулбал аялахад амар байх болно.
АРАВ: ОНГОЦ ХӨӨРӨХ ҮЕИЙН ДОТОР МУУХАЙРАЛ
Ханиалгатай хүүхдэд чихэрлэг зүйл хориотой ч ханиадгүй, бага насны хүүхдэд онгоц хөөрөх үед жижиг модон чихэр хүлхүүлэх эсвэл бохь зажлуулах нь дотор муухайрахаас сэргийлэхэд тусална. Эсвэл ааруул ч хүлхүүлж болно. Шүлс ялгарч залгих үед чихний бөглөөс нь гарах болно.
БУСАД
Халуун оронд усан сантай газар очих бол, усан парк, нийтийн усан сан зэрэгт хүүхдийн усны живхийг заавал авч өмсүүлж оруулж байгаарай. Мэдээж нялхууддаа ч гэсэн усны хувцас бас өмсгөх хэрэгтэй. Усны хийлдэг нярайн хөвүүр маш чухал, дээр нь нарны тосыг тухайн очсон улсаас шинээр нь авч хэрэглээрэй
АэрМаркет Холидэй компанийн Гүйцэтгэх захирал, Аяллын мэргэшсэн зөвлөх Б.Баянжаргал