МИАТ авиа компани - Онгоцны танилцуулга

МИАТ авиа компани - Онгоцны танилцуулга

Sep.27.2022

Түүхэн замнал: МИАТ авиа компани 

ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог билээ. Хожим нь 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй.

Монголын иргэний агаарын тээврийн хөгжилд 1956 он шинэ эринийг нээв. 1956 оны эхээр ЗХУ-аас таван Ан-2 онгоц ирж, нисгэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болжээ.

1958 оны байдлаар Монгол Улс 14 Ан-2 онгоц, 7 Ил-14, нийт 21 онгоцтой болсон ба 11605 зорчигч, 363700 кг ачаа, шуудан тээвэрлээд байлаа. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээгээ үзүүлчихээд байсан юм.

Тэр үед МИАТ компани долоо хоногт 4-6 удаа, Улаанбаатараас аймгуудын төв рүү, аймгийн төвөөс сумын төв рүү 2-3 удаа нислэг үйлдэж байсан ба 1966-1970 онд боловсон хүчний өндөр мэргэшсэн нөөцтэй, онгоцны парк хоёр дахин нэмэгдсэн, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дахь нисэх буудлууд газардлагын болон шөнийн нислэгийн гэрэлтүүлэгтэй болоод байв.

1987 оноос МИАТ компани ЗХУ-аас Ту-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын Москва, Эрхүү, Хятадын Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээлээ.Иргэний агаарын тээврийн салбар улам бүр хөгжиж, Монгол Улсын гадаад харилцааны хүрээ тэлж, олон улсын стандартад нийцсэн нислэг үйлдэх шаардлагаас үүдэн 1993 оноос МИАТ бие даасан, төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон юм.

Зам, тээвэр, холбооны яамны сайдын 1993 оны 8-р сарын 12-ны өдрийн 180 дугаар тушаалаар МИАТ нэгтгэлийг Иргэний агаарын тээврийг удирдах газар, МИАТ компани гэсэн аж ахуйн тооцоотой хоёр байгууллага болгон ажиллуулах шийдвэр гарсан байна.Дээрх шийдвэрийг үндэслэн нийт 906 ажиллагчтай иргэний агаарын тээврийн МИАТ компанийн шинэхэн түүх 1993 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар Боинг 737-800 агаарын хөлөг 3, Боинг 767-300 агаарын хөлөг 2 нийтдээ 5 агаарын хөлгөөр Улаанбаатараас Сөүл, Бусан, Бангкок, Истанбул, Франкфурт, Токио чиглэлүүдэд шууд нислэг үйлдэж байна. Мөн олон улсын томоохон авиа компаниудтай хамтран тусгай тарифыг гарган дэлхийн өнцөг булан бүр лүү зорчигч тээвэрлэх боломжыг бий болгоод байгаа билээ. 

МИАТ авиа компанийн онгоцны танилцуулга: 

 

Аэрмаркет билетийн касс нь онгоц доторх суудал захиалгыг хийж өгч байгаа тул та манай аяллын зөвлөхүүдэд хандан суудлаа урьдчилж захиалах боломжтой. 

Аэрмаркет 

Таны Аяллын Зөвлөх