Аэро Монголиа авиа компанийн Товч танилцуулга

Аэро Монголиа авиа компанийн Товч танилцуулга

Oct.24.2022

 “Аэромонголиа” ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдаж. Монголын иргэний нисэхийн салбарт тодорхой хувь нэмэр оруулж, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны чанар стандартыг чанд мөрдөн тав тухтай, найрсаг, шуурхай үйлчилгээтэй өндөр зэрэглэлийн "Үндэсний шилдэг тээвэрлэгч" байх зорилго тавин тасралтгүй 21 жил ажиллаж байгаа анхны хувийн эзэмшлийн зорчигч тээврийн компани юм.

2002 оны 10-р сард агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авснаар анхны нислэгээ 2003 оны 5-р сард орон нутаг, 12 сард анхны олон улсын нислэг үйлдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 222 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 

2007 онд Моннис группийн хөрөнгө оруулалтаар өөрсдийн менежмент болон санхүүгийн байдлыг дээшлүүлэн парк шинэчлэлт хийж үйл ажиллагаа болон аюулгүй байдлыг олон улсын жишиг стандартын дагуу ханган ажиллаж байна. Тус компанийн Техник үйлчилгээний байгууллага 2011 онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 -г үйл ажиллагаандаа нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. 

   “Аэромонголиа” ХХК нь 2018 он хүртэл Fokker-50 онгоц 4, Fokker-100 онгоц 2, нийт 6 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байв. 2018 оноос “Аэромонголиа” ХХК нь нэг Embraer-145 онгоц олон улс болон орон нутгийн нислэгт, 2019 онд дахин нэг Embraer-145, агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Airbus” компаниас 2021 онд А-319-112 хөлгийг тус тус нэмэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

2023 онд А320-100 онгоц худалдан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар АэроМонголиа компани нь ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Тяньжин, Хөх хот, Өрөмч, БНСУ-ын Чонжу, Японы Токио, БНТУ-ын Анталъяа, Тайланд улсын Бангкок, Пукет, Вьетнам улсын Ханой, Фукуок чиглэлд хуваарьт болон хуваарьт бус олон улсын нислэгүүдийг хийгээд байна.